• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ГАНЗОРИГ: ТӨВ АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ ӨССӨН

2020-05-13
ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ГАНЗОРИГ: ТӨВ АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ ӨССӨН

-Төв аймагт гэмт хэрэг олон гараад байх шиг анзаарагддаг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан Төв аймагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бусад аймагтай харьцуулахад харьцангуй их. Он гарснаас хойш өнгөрсөн тавдугаар сарын 1-ны байдлаар иргэдээс гэмт хэргийн шинжтэй 498, зөрчлийн шинжтэй 811, нийт  1309 гомдол, мэдээлэл ирсэн. Нийт хүлээн авсан гомдол мэдээллийн 90.7 хувийг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн. Мөн хугацаанд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 13 хувь, үүнээс иргэдийн өмчийн хулгай 57.8 хувь, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг найм дахин өссөн. Мал хулгайлах гэмт хэрэг 22.5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.2, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 23, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 82.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Аймгийн хэмжээнд 17674 зөрчил бүртгэгдэн шалгагдсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар өссөн. Үүнээс 495-д нь зөрчлийн хэрэг нээн шалгаж, 229-д нь торгож, эрх хасаж, 175 хүнийг баривчилж, 17203 хүнийг 550.3 сая төгрөгөөр торголоо. Энэ оны эхний дөрвөн сард 116 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 120 хүнээр буурсан.

-Тэгвэл гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байна вэ?

-Гэмт хэргийн илрүүлэлт 38.8 байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөл нь шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял өөрчлөгдөн, оногдуулах ял шийтгэл хүндэрсэн, шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын болон аймгийн Онцгой комиссоос тодорхой хугацаанд хөл хорио тогтоосонтой холбоотой.

-Мал хулгайтай хэрхэн тэмцэж байна вэ?

-Малын хулгай өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар буурсан. Илрүүлэлт 48.1 хувь буюу өнгөрсөн оноос 22.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд долоон бүлэг 43 этгээдэд холбогдох 643 сая төгрөгийн хохиролтой 62 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ онд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 34 холбогдогчтой дөрвөн бүлэг этгээдэд холбогдох 33 удаагийн үйлдлээр 140 адуу, 23 үхэр, нийт 163 толгой бод мал хулгайлан бусдад хохирол учруулсан хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Төв аймгийн Аргалант, Баянхангай сумдын нутгаас 19 удаагийн үйлдлээр 55 бод мал хулгайлсан Ц, Х , Сэргэлэн сумын нутгаас есөн удаагийн үйлдлээр 12 бод мал хулгайлсан Б, Ч, Баяндэлгэр сумын нутгаас 57 хонь хулгайлсан Б, Т нарт холбогдох хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Бод малыг хариулга маллагаатай байлгах, туслах малчин авч ажиллуулахдаа хүнээ зөв сонгох, адуунд GPS суурилуулж, тамга тэмдэгтэй болговол малын хулгайн эрсдлээс сэргийлнэ. Мөн малчдын бүлэг үүсгэж, малаа гэмт халдлагаас хамгаалах, бэлчээр, усаа хамгаалах нь хамгийн зөв арга юм. 

-Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажлууд хийв?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаанд хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд бид хамт олноороо хэлэлцээд, байгууллагын дотоод журамдаа хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайлбал, алба хаагч, тэдний гэр бүлийн хүмүүс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх тохиолдолд цалинтай чөлөө олгож байхаар тусгасан.

2019 онд эрүүл мэндийн шинжилгээ өгөхөөр 31 алба хаагч, 2020 онд  20 алба хаагчаас бичгээр хүсэлт гаргасны дагуу Цагдаагийн газрын даргын тушаалаар 1-3 хоногийн хугацаатай, цалинтай чөлөө олгоод байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу алба хаагчдыг хуваарийн дагуу эрүүл мэндийн үзлэгт жил бүр оруулан, элэгний вирусийн шинжилгээнд хамруулж, вакцинжуулах ажил 90 хувьтай яваа. 

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 30 айлын орон сууцны газрын асуудлыг нутгийн захиргааны байгууллагад уламжлан шийдвэрлүүлж, Зуунмод сумын Манзушир өргөө хороололд орон сууц барих барилгын ажлыг “Ирксиб Строй” ХХК-аар гүйцэтгүүлсэн. Орон сууцыг 2019 оны аравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгч, нэг ам метр нь 900 мянган төгрөгийн үнэлгээтэйгээр ипотекийн найман хувийн хүүтэй зээлд хамрууллаа.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин