• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Амжилт гэдэг бол амжихын нэр юм.

2020-01-02
Амжилт гэдэг бол амжихын нэр юм.

“Амжилт гэдэг бол өдөр бүр байнга давтагддаг жижиг жижиг оролдлого, хичээл зүтгэлүүдийн НИЙЛБЭР юм.” Сайн бодоод үзвэл амжилт бол хүрж очдог нэг цэг биш. Харин дээр хэлсэнчлэн өдөр бүрийн оролдлогуудын нийлбэр. Өчигдөрийн өөрийгөө ялж чадаж байвал чи амжиж бас амжилттай байж чадаж байна гэсэн үг.

Хэн нэгэн мундаг хүний амжилтанд хүрсэн түүхийг сонсоод сэтгэл дотор чинь “Би ч гэсэн энэ хүнээс юу дутах вэ, би ч бас чадна шүү дээ” хэмээн бодогдож, юу ч хамаагүй хийж үзэх хүсэл тэмүүлэлтэй болдог уу? Хэрвээ тийм бол яг тэр үед л амжаад ядаж нэг удаа оролдож үзэх хэрэгтэй юм. Асар том банк байгуулах эсвэл амьдрах байшингаа барих хоёрын аль аль нь ямар нэг зүйлтэй харьцуулж боломгүй, тус тусын үнэ цэнэтэй амжилт. Хамгийн гол нь тэр зүйлийг амьдарч байгаа хугацаандаа барьж бүтээж амжсан учраас л амжилт болоод байгаа юм. Хүн хийсэн зүйлдээ бус хийж чадаагүй зүйлдээ л эцэст нь харамсдаг гэж нэгэн суут хэлсэн байдаг. Хэрвээ өнөөдөр юу ч хийж чадалгүй цаг хугацааг дэмий өнгөрөөж бас маргааш яг л энэ хэвээрээ байсаар насыг барах аваас чи гарцаагүй харамсана. Хэзээ л бол хэзээ амжуулж чадах байсан зүйлээ хийгээгүйдээ маш их харамсах болно.

“Залуу насандаа эргээд очих юмсан” гэж ихэнх хүмүүсийн уулга алддаг шалтгаан нь тэр үед хийж чадаагүй зүйлдээ л харамсч байгаа хэрэг. Ахин тэр цаг хугацаандаа очиж бүх зүйлд амжихыг хүсдэг юм. Харин аз болоход одоо ч чи амьдарсаар байна. Тиймээс амжих боломж чамд хангалттай их байна. Дээрхтэй ижил цаг хугацааг эргүүлэхийг хүсч байгаа чамд ч бас боломж бий. Хамгийн гол нь одоогоо өнгөрсөн шиг харамсалтай байдалд битгий оруул. Хэрвээ саад тотгор, мөнгө төгрөг, асуудал бэрхшээлээс болоод өөрийнхөө гарахыг хүсдэг оргил өөд мацаж чадахгүй байгаа бол тэр асуудал гээд байгаа зүйл чинь яг үнэндээ чиний өөрөө бий болгоод урдаа барьчихсан хашаа юм шүү дээ! Хүн өөрөө өөрийнхөө өмнө л бул хар чулуу авч ирж тавьчихаад тэрийгээ тойроод, даваад эсвэл аваад өөр тийшээ өнхөрүүлчихэж чадалгүй гацчихдаг. Гэтэл амжих ёстой цаг хугацаа чамайг тэр чулууг давтал түр зогсоод хүлээж байхгүй! Хүн бүрт яг адилхан дүүрэн цэнэгтэй зай оногддог. Хэн түүнийг дуусахаас өмнө илүү их зүйлийг амжуулж, зөв зүйлд хүч энергээ зарцуулж чадна тэр амьдралаа сэтгэл хангалуун өнгөрүүлнэ.

Шинэ оны эхний өдрөөс эхлэн өөртөө байгаа цаг хугацааг үнэлж саад бэрхшээлээс айлгүй эр зоригтойгоор даван туулдаг болцгооё. Үүнийг хийж үзэх юмсан гэж хойно нь хоцролгүй үүнийг би хийнэ гэж хэлээд бүх зүйлд амждаг нэгэн байя. Тэгээд хэн өөрөө амжилтыг бүтээдэг нэгэн болцгооё.

 

Эх сурвалж: http://www.goolingoo.mn